Бидний эрхэм зорилго

Хараагүй иргэдэд тохирох ажлын байрыг судлан тогтоож, нээн илрүүлж, тэднийг тогтвортой ажлын байраар ханган, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээж, нийгэмд бусдын адил ажиллаж, амьдрахад нь туслахад оршино.

эндээс мэдээллээ хайж олно уу...

Урсдаг зар:

Nov 21, 2011

ХХХХСҮ-ийн Захирал З.Болдсайхан: " Хүн том мөрөөдөж байж том хэргийг бүтээдэг"

Posted by blind enterprise On 6:37 PM No comments

         "Бизнес таймс" сонин энэ удаагийн Зочны буландаа Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн захирал З.Болдсайханыг урьж оролцууллаа. Тэрээр төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд 130 гаруй ажилтантай төрийн өмчит үйлдвэрийг удирдаж байгаа анхны хараагүй хүн юм. Түүнтэй тус үйлдвэрийн өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээл, хараагүй хүмүүс юу хүсдэг, тэдний боловсролын төвшин өнөөдөр ямар төвшинд байна зэрэг сэдвээр ярилцсан юм.
-Юуны өмнө та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Би бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Төрөлхийн хараа муутай байснаа 1990 оноос бүр хараагүй болсон. 1997 онд хувийн компаниа байгуулж, янз бүрийн л бизнес хийж байлаа. Ингээд 2001-2005 онд Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүнээр ажиллаж байгаад улмаар тус холбооны дэргэдэх FM радиогийн захирлын албыг хашиж байлаа. 2008 оны 12 сард одоогийн энэ ажилд томилогдон ажиллаж байна. Урьд нь энэ албан тушаалд дандаа хараатай хүмүүс ажиллаж байсан юм билээ. Ихэнх тохиолдолд улс төрийн буюу намын томилгоогоор удирдлага нь томилогддог байсан бол энэ удаад манай Хараагүйчүүдийн үндэсний холбооноос тус үйлдвэрийн удирдлагаар хараагүй хүнийг томилъё гэсэн санал тавьсны улмаас миний бие энэ үйлдвэрийн захирлын албыг хаших болсон.
 Зарим гадаадын улс орнуудад хараагүйчүүдийн байгууллагыг хараагүй хүн толгойлдог туршлага байдаг юм билээ. Харин Монголын хувьд төрийн өмчит байгууллагын, тэр тусмаа харагүйчүүдийн үйлдвэрийн түүхэнд анх удаа хараагүй хүн захирал болж байгаа нь би юм. Манай үйлдвэр анх 1964 онд анх байгуулагдсан. Тухайн үед элсэн чихэр, гурил будаа савладаг байсан бор уутнуудыг бүгдийг манай үйлдвэр хийдэг байсан. Мөн гялгар уут, товч, хуванцар зүйлс хийдэг байлаа. 1990 онд зах зээлд шилжиж бусад үйлдвэрүүдийн л адил бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ больж, үйлдвэр үндсэндээ нэлээн хүнд байдалд орсон доо. Улсын үйлдвэр учраас улсаас хөрөнгө мөнгөний хувьд зарим тал дээр татаас авдаг тулдаа болохоосоо болохгүйг нь хүртэл ямар ч байсан хаалгаа барьчилгүй ажиллаж өнөөдрийг хүрсэн. Нэг талаасаа бидэнд боломж байгаа. Энэ жил гэхэд бид 150 сая төгрөгийг тогтмол зардалдаа авчихаж байгаа юм. Гэхдээ бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад манай үйлдвэрийн гол зорилго бол ашгийн төлөө байгууллага биш гэдгээрээ онцлог. Хараагүй хүмүүсийг ажлын байраар хангах, тэдэнд тохирсон ажлын байрыг олох, тэр хүмүүсийг мэргэжил дадлагад сургаж, хөдөлмөрийн чадвартай болгох зорилготой юм. Хэдийгээр ашгийн төлөө бус байгууллага ч гэлээ бизнес гэсэн утгаараа зохих хэмжээгээр ашигтай ажиллаж байж үйлдвэр маань хөл дээрээ зогсох юм. Гэтэл манай үйлдвэр ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Яг өнөөдрийн байдлаар бид Монгол гэр, ажлын хувцас, бээлий, шүүр, щётка зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Сүүлийн үед бидний хувьд хамгийн их анхаарлаа хандуулаад буй салбар бол сав баглаа боодол юм. Цаасан болон даавуун тор, уут, мөн дугтуйг төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэйгээр үйлдвэрлэж эхэлж байна. Ер нь гадаадад сав баглаа боодол гэдэг бол хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн том чиглэл байдаг. Ялангуяа гарын мэдрэмжээр хийдэг зүйлүүд үүнд багтана. Сүүлийн үед зүйлүүд үүнд багтана. Сүүлийн үед манайд сав баглаа боодол нэлээдгүй хөгжиж байгаатай холбогдуулан энэ чиглэл рүү эрчимтэй ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл сав баглаа боодол гэхээр дангаараа хөгжихгүй, хэвлэлийн асуудал гарч ирээд байгаа. Өнөөдрийн бидний хийгээд байгаа хэдэн цаасан тороор сав баглаа боодлыг ойлгож болохгүй л дээ. Тэгэхээр хэвлэлийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болж байгаа юм. Жишээ нь урд хөршөөс 20 тонны чингэлэгээр дүүрэн бялууны хайрцаг орж ирж байна. Уг нь бол тэр бялууны хайрцгийг бид хийх ёстой байхгүй юу. Мэдээж сав баглаа боодол гэхээр үзэмж, чанар, үнэ гэсэн гурван зүйлийг хангахын тулд үйлдвэрээ өргөжүүлж, техник технологио хөгжүүлэх, эдийн засгийн чадавхитай болох зэрэг хийх ажлууд маш их байна л даа.
Тэр байтугай Оросын хараагүйчүүдийн үйлдвэр гэрлийн унтраалга, розетка зэрэг цахилгааны монтажийг угсардаг. Энэ тал дээр хамтран ажиллах талаар Оросын талтай ярьсан юм бий. Ердөө цахилгааны монтажны бэлэн бэлдэцийг оруулж ирээд сүүлийн хэдэн дамжлага буюу угсрах ажлыг бид хийх юм. Өнөөдөр барилгын салбар манай улсад их хөгжиж байгаа энэ үед цахилгааны монтажны зах зээл нээлттэй байна. Зөвхөн шинэ барилга гэлтгүй албан тасалгаа, орон сууцны засварт ч өргөн хэрэглэгдэх юм. Үүнийг ажил хэрэг болгочихвол бас л хэдэн хараагүйчүүд ажлын байртай болно. Ер нь манай хамт олон хараагүй хүн хийж болох ямар л ажил байна түүнийг нэвтрүүлж нэг ажлын байрыг ч сул орхихгүй гэсэн зорилго тавин ажиллаж байна. Мэдээж дан хараагүйчүүд ажиллаад үр дүнд хүрэхгүй шүү дээ. Хараатай хүмүүстэй хамтарч ажиллаж байна.
-Та зах зээлээ өргөжүүлнэ гэлээ. Шинээр хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулахгүй юу?
-Бид өнөөдрийг хүртэл Монгол гэр үйлдвэрлэж байгаа, гэвч санхүүгийн хямралтай ч холбоотой юм уу борлуулалт маш муудсан. Тиймээс бид Монгол гэрээ экспортонд Европын холбооны улсууд руу гаргах сонирхолтой байгаа. Европ руу гаргана гэдэг ариун цэвэр, чанарын хувьд маш өндөр шаардлага хангасан байх ёстой. Одоо бидний үйлдвэрлэж буй Монгол аргаар хийдэг эсгий маш их зунгагтай, эвгүй үнэртэй учраас шаардлага хангахгүй л дээ. Саяхан бид Ирланд руу дөрвөн гэр ачууллаа. Ингэхдээ Монгол аргаар боловсруулсан эсгийг эсгийнцэрээр орлуулж хийсэн. Эсгийнцэрийг хуучнаар Нэхээсгүй эдлэл үйлдвэр хийж байгаа ч дийлэнх нь урдаас орж ирж байна. Хэрвээ бид бүтээгдэхүүнээ экспортонд гаргана гэвэл өөрсдөө эсгийнцэрээ хийх хэрэгтэй байна. Тэгвэл метр эсгийнцэрийг 17 мянган төгрөгөөр биш магадгүй 12 мянган төгрөгөөр өөрсдөө үйлдвэрлэчих боломжтой юм. Үүний тулд эсгийнцэрийн шугамтай болчихвол зөвхөн гэрийн эсгий биш, мишок, хөнжил, гудас гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм.
Түүнээс гадна хамгийн ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажил бол хүнсний бүтээгдэхүүнийг жижиглэж савлах явдал юм. Энэ бол хараагүй хүмүүст тохирсон ажил. Хамгийн гол нь тэдэнд маш нарийвчлалтай ярьдаг жин байх ёстой. Тэгвэл бидэнд ажлын байр, ажиллах хүч байна. Хараагүй хүний нэг давуу тал байдаг. Юу гэхээр нэг ажил сураад дадаад хийгээд эхэлбэл маш үнэнчээр хийж чаддаг. Яагаад гэвэл хараагүй хүний ажил хийх боломж нь хомс учраас хэрвээ тэр хүн ажлын байраа алдвал дахиад өөр ажил олдохгүй. Харин хараатай хүн бол ажил голж, шилж, сэлгээд яваад байж чаддаг. Мөн хараагүй хүн анхаарлаа маш их төвлөрүүлж ажиллаж чаддаг. Харин хараатай хүн бол нүдний үзүүрт юм харагдсан ч анхаарал нь сарниж байх жишээтэй.
-Үйлдвэрийн хувьд хүндрэлтэй ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Бизнесийн өрсөлдөөнд шударга бус өрсөлдөгч буюу нөгөө л авлига хээл хахуулиар асуудлыг шийддэг нь олон болсон байна. Тэд нартай бид өрсөлдөхөд хэцүү байгаа. Хятадаас маш хямдхан барааг их хэмжээгээр импортолж байхад үндэсний үйлдвэрлэгч бид тэдэнтэй өрсөлдөхөд хүндрэлтэй байна. Манайх доод тал нь 70-150 төгрөгний өртөгтэй уутыг үйлдвэрлэхэд импортоор 50-120 төгрөгт ороод ирж байгаа. Тэгэхээр импортын бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийх эсвэл татвар нэмэгдүүлэх замаар багасгаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байгаа юм. Мөн саяхан гялгар уут хориглох тухай хууль гарсан нь үр өгөөж муутай болсон. 0.025 гр-аас доош уутыг хориглочихсон, гэтэл энэ нь хуруу чичихэд л цоордог. Өргөн хэрэглээнд 0.05 ба түүнээс дээш зузаантай уутыг хэрэглэж байна. Ийм байхад цаасан уутны борлуулалт муу байна. Ерөөсөө ямар ч ач холбогдолгүй хууль болсон.
-Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэр тоног төхөөрөмж гаднаас оруулж ирэхэд гаалийн татваргүй байдаг гэсэн. Түүхий эдээ бас татваргүй оруулж ирдэг үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу хараагүй хүмүүст зориулагдсан зориулалтын тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвар төлөхгүй гэсэн хуультай. Түүнээс биш бүх төрлийн тоног төхөөрөмж биш юм. Харин түүхий эдийг гаалийн татвараас хөнгөлсөн, чөлөөлсөн зүйл байхгүй. Гэтэл тоног төхөөрөмжийг бид байнга оруулж ирээд байхгүй шүү дээ, Тэгэхээр хамгийн гол зүйл нь түүхий эд, материалыг импортоор авахад гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх хэрэгтэй байгаа юм. Одоо ажиллаж байгаа тоног төхөөрөмжүүд нь ихэвчлэн Дэлхийн зөн байгууллага, Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг Өвсний үндэс хөтөлбөр, Хас банк зэргээр дамжуулан голдуу төсөл, буцалтгүй тусламжаар бий болсон тоног төхөөрөмжүүд байгаа. Харин түүхий эдийг татваргүй оруулах талаар бид байнга санал тавьдаг ч шийдэгдэхгүй өнөөг хүрсэн. Хэрвээ ийм боломж нөхцөл олгочихвол биднийг үүнийг нь ашиглаад хүний өөрийн их хэмжээгээр цаас оруулж бизнес хийнэ гэж ойлгодог юм шиг байна лээ. Энийг бүтээгдэхүүнийх нь борлуулалтаар л хяначих ёстой асуудал байхгүй юу.
ОХУ-д хараагүйчүүдийн холбоо, үйлдвэрийн шугамаар орж ирж байгаа бүх түүхий эдийг нэг хэсэг татвараас чөлөөлсөн юм билээ. Гэтэл яг тийм бизнесийн цоорхой гарч, нэлээдгүй хэмжээний түүхий эд урсаад эхлэхээр нь татвартай болгоод харин жилийн эцэст буцаагаад татварыг нь өгчихдөг системтэй болсон гэх мэтээр шийдвэрлэх арга замууд байна. Ямар ч бизнес төсөв, төлөвлөгөөтэй байдаг, тэрний дагуу л татвараас чөлөөлөх боломж байгаа гэж боддог. Бид болж өгвөл бүх л зүйлээ өөрсдөө үйлдвэрлэе гэдэг. Жишээ нь Монгол гэрийн унь, шал, багана, тооно зэрэг моднуудаа бэлэн худалдаж аваад эсгийгээр бүрээд борлуулж байгаа. Гэтэл бид үүнийг өөрсдөө хийх хэрэгтэй байна. Хараагүй хүн мод зүлгээд, хана үдээд байх үнэхээр чадвартай шүү дээ. Нэмүү өртгөө өөрсдөө бий болгож үйлдвэртээ ч ашигтай, ажлын байраа ч нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
-Урьд нь тус үйлдвэрийн даргаар хараагүй хүн ажиллаж байсан түүх байгаагүй гэсэн. Таны хувьд үйлдвэрийг удирдан ажиллуулахад ямар хүндрэлтэй болон онцлогтой талууд юу байна вэ?
-Хараагүйчүүдийн асуудлыг хараагүй хүн яриад явахаар хүлээж авах нь илүү байдаг. Хараатай хүн хараагүй хүний асуудлыг ярихаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр түрий барьж байна гэж хүлээж авах ч юм уу. Иймэрхүү тал бий. Мэдээж хараагүй хүн энэ том улсын үйлдвэрийг толгойлох байтугай хувь хүнийхээ хувьд бэрхшээлтэй л дээ. Жишээ нь хүссэн мэдээллээ бусад хүмүүс шиг авч чаддаггүй. Заавал хэн нэг хүний тусламж хэрэгтэй болдог. Өдөр тутмын сонинг л гэхэд би хүнээр л уншуулахаас биш өөрөө уншиж чадахгүй шүү дээ. Энэ мэтчилэнгээр хараагүй хүний бэрхшээл их. Гэхдээ хамгийн гол нь энэ үйлдвэрийн менежментийг сайн хийх ёстой. Үйлдвэрийн ажилтнуудаас гадна манай багт нийт 30-аад хүн ажилладагаас 2-3 хараагүй хүн, бусад нь эрүүл хүмүүс ажилладаг. Ажилтнуудаа зөв зохион байгуулж, тэднийг сайн ажиллуулах л миний үүрэг.
Төрийн байгууллагад алба хашиж байгаа хараагүй хүний хамгийн өндөр албан тушаал нь энэ юм л даа. Харин хувийн хэвшилд олон хараагүй хүн өөрийн бизнес эрхлээд компаниа удирдаад явж байгаа. Миний хувьд хараагүй хүн төрд ажиллаж чадах уу, ер нь хараагүй хүн төрд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг нийгмийн өмнө харуулах, батлах маш том үүргийг бусад хараагүй хүмүүсийнхээ өмнөөс хүлээж байгаагаа би ойлгож байгаа. Хэрвээ би болоод миний бүрдүүлсэн баг муу ажиллаад энэ үйлдвэрийн үйл ажиллагааг унагаачихвал хараагүй хүмүүс ярихаас өөрийг хийж чаддаггүй гэсэн ойлголтыг нийгэмд, төр засагт төрүүлэх учраас хараагүй хүмүүсийн цаашдын ирээдүйн өмнө их хариуцлага хүлээж байгаа хэрэг. Энэ хариуцлагыг бодохоор заримдаа нойр хүрдэггүй л юм. Яагаад гэвэл үйлдвэрийн өнөөдрийн байдал тун хэцүү байгаа. Гэхдээ ямар ч байсан цалингаа цагт нь тавьж л байна. Энэ бол бидний зорилго биш ээ. Ажилчид сул зогсоод, дэмий сэлгүүцэж, хоорондоо хов яриад суух биш хаанаас нь ч харсан ажил буцалсан, өөрийн гэсэн эргэлтийн хөрөнгөтэй хөл дээрээ бат зогссон тийм л үйлдвэр болгохын төлөө ажиллаж байна.
-Өнөөдөр хараааүйчүүдийн боловсролын асуудал ямар хэмжээнд байна вэ? Тэдний боловсролын төвшинг дээшлүүлэх, мэргэжил олгох чиглэлээр тухайлбал танай үйлдвэр хэрхэн анхаарч ажиллаж байна?
-Манайх мэргэжлийн сургалтууд, богино хэмжээний сургалтуудыг явуулж байгаа. Цаасан уут гэхэд давтан сургалт хийх, дадлагажуулах зэргээс эхлээд хэд хэдэн чиглэлээр мэргэжил олгож байна. Ер нь хараагүй хүн хөгжих маш том боломжоо алдсан хүмүүс байдаг. Боловсрол, мэдлэгээ дээшлүүлж байж л харахгүй байгаа тэр ертөнцөө нөхдөг. Өөрөөр хэлбэл өндөр төвшинд мэдлэг олж аваад, компьютер эзэмшчихсэн байхад хараагүй хүнд их боломж байна. Компьютер дээр хараагүй хүн ажиллахад зориулсан ярьдаг программ байдаг. Монголоос бусад бүх хэл дээр байдаг. Үүнийг манай Хараагүйчүүдийн үндэсний холбоо одоо хийж байгаа бөгөөд энэ жилдээ багтаад гарчих байх. Тэгвэл компьютер эзэмшээд, гадаад хэл сураад өөрийгөө хөгжүүлбэл хараагүй хүн хэнээс ч дутахгүй, бүр илүү ч ажиллах чадвартай. ОХУ-д хараагүйчүүдийн боловсрол, сургалт гээд бүхий л зүйл өндөр хөгжсөн байдаг юм билээ. Санкт-Петербург хотод хараагүйчүүдийи компьютерийн төв байдаг юм билээ. Тэр төвтэй танилцаад явж байхад Санкт-Петербургийн Нислэгийн хөдөлгөөнийг удирдах төвд гурван хараагүй хүн ажиллаад онгоц удирдаж байх жишээтэй. Тэгэхээр боловсрол эзэмшинэ гэдэг хараагүйчүүдийн хувьд боломж гэсэн үг. Техник технологийн хөгжил нь нэг талаар хараагүй хүмүүсийн ажлын байрыг устгаж байгаа ч нөгөө талаараа боломжийг нээж байгаа.
Сүүлийн үед манайд хараагүй хүмүүсийн массаж их дэлгэрч байна. Хараагүйчүүдийн үндэсний холбооноос "Best" массажны 4 төвтэй. Дандаа хараагүй хүмүүс массаж хийдэг. Массаж гэхээр өөр утгаар нь хүлээж авдаг тал бий. Үүнийг бид өөрчилж, массажистын нэрийг цэвэрлэхээр ажиллаж байна. Хараагүй хүн гарын мэдрэмж сайн хөгжсөн учраас массаж сайн хийдэг. Манай массажны төвд зүү төөнүүр, массажистын мэргэжлээр Японд сургууль төгсөөд тэндээ зургаан жил ажилласан Ганзориг гэдэг төрөлхийн хараагүй залуу манай сургалтын төвийн хараагүйчүүдэд зааж сургаж байгаа.
-Хувийн амьдрал, болоод таны баримталдаг зарчмын талаар сонирхвол?
-Би ээжтэйгээ хамт амьдардаг. Дээр хэлсэнчлэн жолооны курс, прокат, үйлдвэр, баар, зоогийн газар гээд янз янзын л юм ажиллуулж байлаа. Миний өөрийн бодол байдаг юм. Хараагүй хүн гээд хүнээр өрөвдүүлэхгүй амьдрах юмсан гэж. Хорин хэдтэй залуу байхдаа өөрөөр хэлбэл хараагүйчүүд дундаа орж ирэхээсээ өмнө би хараагүй гэдгээ нууж явдаг байсан. Хүн намайг хараагүй гээд мэдчих вий гээд хараатай хүн шиг байхыг хичээдэг байсан шүү дээ. Яагаад гэхээр хараагүй гэхээр ивий хөөрхий гээд л... Би ийм байдалд дургүй учраас л тэр. Одоо бол нуугаад байх шаардлага байхгүй.
-Таны хэтийн зорилго юу вэ?
-Хувь хүний хувьд товчхондоо хэний ч дор орохгүй амьдарна л гэсэн зорилготой. Харин энэ ажилд томилогдоод миний зорилго бас өөрчлөгдлөө. Зөвхөн өөрийгөө бодох биш, бүхэл бүтэн хамт олон, үйлдвэрийн ирээдүй, цаашлаад хараагүйчүүд гэсэн нийгмийн нэг хэсгийн төлөөлөл болсноороо миний үүрэг, хариуцлага өндөрссөн. 2015 он гэхэд үйлдвэрийнхээ байрыг сайжруулж үйлдвэр, оффис, сургалт, дотуур байр гээд бүхий л зүйлийг багтаасан цогцолбортой болж, 500-600 ажилтантай болно гэж мөрөөддөг юм. Маш их хөрөнгө орно л доо. Гэхдээ хүн том мөрөөдөж байж, том хэргийг бүтээдэг гэж ойлгодог.
-Танд баярлалаа.
Ч.Оюунчулуун 

0 comments:

Post a Comment